09. Санхүүгийн сахилга бат: Хувийн төсвөө төлөвлөх 4 арга

“Төсөв бол зөвхөн тооны цуглуулга биш, Харин бидний үнэт зүйл, хүсэл эрмэлзлийн нэг илэрхийлэл юм” /Жак Лью/

Дээр дурьдсанчлан төсвөө төлөвлөнө гэдэг нь орж ирсэн орлогыг хэдэн тийш нь хуваарилан мөнгөн дүн жагсаах төдий зүйл биш. Ямар зүйлд түлхүү зардал гаргаж байна, Юуны төлөө хуримтлал үүсгэж байна гэдэг нь өөрийн төсвийн гол зорилго хийгээд бидний үнэт зүйл, үзэл баримтлалын илрэл юм. 

Орсон, гарсан бүх мөнгөн урсгалаа тооцоолон тэмдэглэдэг нэгэн байхад, төлбөрийн картаа зурсаар сарын эцэст л нэг үлдэгдэлээ хардаг нь ч бий. Хүн бүрийн онцлогоос шалтгаалан өөр өөр төсөв зохиох аргууд тохирох тул 4 төрлийн арга барилыг санал болгож байна. 

1.Уламжлалт төсөв

Хамгийн түгээмэл арга ба энэ нь орлого болон зарлагын төрлийг тус бүр нэг бүрчлэн жагсаан бичдэг арга юм. Ингээд тус бүрт нь мөнгөө хуваарилан төсөвлөж өгдөг. Жишээлбэл хоол хүнсэнд 200’000₮, унааны зардал 85000₮ гэх мэтчилэн зарлагын бүхий л ангилалуудад орлогоо хуваарилах хэрэгтэй. Харин сарын эцэст төлөвлөснөөсөө бага хэрэглэсэн үү, аль эсвэл их хэрэглэсэн үү гэдгээсээ шалтгаалан тус бүрт нь дараа сарт ахин шинэчлэн төлөвлөж болдог уян хатан байдалтай төсвийн хамгийн энгийн хэлбэр юм.

Энэхүү арга нь бүх орлого, зарлагаа нарийн тооцоолох хэрэгтэй тул чимхлүүр нарийн ажилд дуртай хүмүүст илүү тохиромжтой бөгөөд том зураглалаар нь тооцоолдог хийгээд зав зай багатай хүмүүст тийм ч сайн тохирох арга биш юм. 

2. 50/30/20-ийн дүрэм

Энэхүү дүрмийг Харвардын их сургуулийн эдийн засагч Элизабет Уоррен болон түүний охин Амелия Уоррен Тяги нар санал болгосон бөгөөд гол санаа нь та орлогоо ердөө гурав хуваан төсвөө зохиох юм. 

Хэрэгцээ- 50%, Хүсэл-30%, Хуримтлал-20% гэсэн гурван төрөлд мөнгөө хуваарилна.

Энэхүү аргын хамгийн чухал хэсэг нь “Хэрэгцээ” ба “Хүсэл” хоёрыг ялгах юм. Хамгийн энгийнээр бол хүнсний ногоо болон жимс бол таны хэрэгцээ, харин Oreo жигнэмэг бол таны хүсэл. Энэ маягаар өөрийн амьдралын шаардлага, нөхцлөөс үүдэн хүсэл болон хэрэгцээгээ ялгаж салгаж чадвал цаашлаад үнэхээр хэрэгцээтэй зүйлд мөнгө үрж байгаа эсэхээ олж харахад чухал нөлөөтэй.

Одоо харин үндсэн анхдагч хэрэгцээнүүд болох хоол хүнс, унааны зардал, байрны мөнгө зэрэг хэвийн амьдрахад тань шаардлагатай зардлууддаа орлогынхоо 50%-ийг зарцуулж, Дараагаар нь өөрийгөө эрхлүүлэх, боловсруулах, халамжлах зэрэгт төсвийнхөө 30%-ийг зарцуулах нь тохиромжой. Энэ нь netflix гишүүнчлэлийн төлбөр, уулзалтад очих, зайрмаг амттан идэх зэрэг орж болох юм. Мэдээж хамгийн чухал нь үлдсэн 20%-аа ирээдүйдээ зориулан хуримтлал үүсгэх аль эсвэл өр төлбөрөө төлөхөд зарцуулах хэрэгтэй. 

3. 80/20-ийн дүрэм

Энэ нь өмнөх 50/30/20-ийн дүрмээс илүү хялбар. Гэхдээ энэ нь “хадгаламж”-аа Нэг-т тавина гэсэн үг юм. Юу ч болсон орлогосоо хамгийн түрүүнд хадгаламжийн данслуугаа 20%-аа хийх хэрэгтэй. Үүний дараагаар үлдсэн хэсгийг өөрийн зардалдаа хүссэнээрээ зарцуулах боломжтой тул нарийн төлөвлөх боломжгүй хүмүүст таалагдах болов уу. Энэхүү аргын гол зарчим нь эхлээд хадгал дараа нь зарцуул юм. Тэгэхээр мэдээж хэрэг заавал 80/20 биш өөрийн санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан 70/30, 60/40 бүр 50/50 ч гэж хуваарилах боломжтой юм. 

Хэрвээ мөнгөн хуримтлал үүсгэхийг хүсдэг ч орлогынхоо 20%-ийг хадгалвал бусад өр төлбөр, хэрэгцээгээ хангах боломжгүй бол хамгийн хялбараар ердөө л 1%-ийг эхэлж хадгал. Энэ нь та сард 800’000₮-ийн орлоготой бол 8000₮-г нь л хадгалахад хангалттай хэрэг. Хамгийн гол нь дараа сардаа 2% болгож бага багаар өсгөсөнөөр та хүссэн хуримтлалаа бүтээх боломжтой болох болно. 

4. Дугтуйн төсөв

Энэ арга нь дижиталчлалаас бага зэрэг хол бөгөөд гол санаа нь та мөнгөө бэлнээр нь зарлага тус бүрийн дугтуйнд хийх юм. Энэхүү аргын гол зорилго нь данс болон төлбөрийн картаар бид төлбөр тооцоогоо хийх үедээ хэр их мөнгө үрж буйгаа бодитоор мэдэрдэггүйтэй холбоотой юм. Харин бэлнээр нь дугтуй тус бүрээсээ хэрэглэх үедээ үлдэж буй мөнгө, үрж буй мөнгөө бодитоор мэдрэх тул энэ нь таныг шаардлагагүй зүйлд их мөнгө үрэхээс бага ч болов сэргийлж болох давуу талтай.

Мэдээж дижиталчлал өндөр хөгжсөн энэ үед бүх мөнгөө бэлнээр авч явах нь тийм ч таатай бус санагдаж байвал өдөр тутмын хэрэгцээний мөнгөө бэлнээр нь зарцуулж бодитоор хэдэн төгрөг хэрхэн зарцуулдагаа нэг харж болох юм.

Ингээд төгсгөлд нь төсөв зохиох гэдэг нь өөрийн үнэт зүйл хийгээд зарлагаа хослуулж чадах урлаг юм.  Дээрх дөрвөн аргаас өөрт хамгийн сайн тохирохыг нь сонгон төсвөө төлөвлөөрэй. Санхүүгийн сахилга бат цувралын дараагийн нийтлэл хүртэл түр баяртай. ^_^

Мөрөөдлийн Монгол Төсөл

Өгүүллийг бичсэн: О.Тэмүүлэн 

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s