08. Одоо цаг тийм чухал гэж үү? Би ирээдүйрүү яваад завгүй байна…

Одоо цагт болоогүй зүйлийг бодож төсөөлөх чадвар зөвхөн хүн төрөлхтөнд заяасан. Энэ чанараа ашиглаж хүн өнгөрсөн туршлагаасаа суралцаж, ирээдүйгээ төлөвлөж чаддаг. Гэвч харамсалтай нь бид энэхүү хосгүй чадвараа өөрсдийн аз жаргалын эсрэг зэвсэг болгон ашиглаж байна гэж Сэтгэл судлалын ухааны доктор Матью Килинсворт нэгэн илтгэлдээ дурьджээ. 

Хүн төрөлхтөн бид 24 цагийн бүсд хуваагдан амьдардаг. Хэн нэгэн шинэ өглөөгөө эхлэн нар мандахыг харж байх хооронд дэлхийн хаа нэгтээ өөр нэг нь нойроо авахаар хөнжилдөө орно. Гэхдээ бид амьдралаа энэ хорин дөрвөн цагаас илүүтэйгээр өнгөрсөн, одоо мөн ирээдүй гэсэн хугацааг дамжин аялдаг. Мэдээж энэ нь ч зөв. Өнгөрснөөс суралцаж, ирээдүйгээ төсөөлж, одоо бүтээх хэрэгтэй. Гэхдээ бид энэ гурван цагийн тэнцвэрийг зөв ашиглаж чаддаг болов уу? Аль нэгийг нь хаа нэг гээгээд орхисон юм биш байгаа?

Танаас энгийн нэг асуулт асууя. Өөртөө аль болох хурдан хариулаарай. Өчигдөр орой ямар хоол идсэн бэ? Гэрийн түлхүүр чинь яг одоо хаана байгаа вэ? Хэрвээ та асуултад бодолгүйгээр маш хурдан хариулж чадсан бол та анхаарлаа төвлөрүүлж, одоо цагт амьдарч чаддаг гэсэн үг. Гэхдээ харамсалтай нь хүмүүсийн 90% нь эдгээр энгийн асуултад шууд хариулж чаддагүй. 

Бид өөрсдөө “одоо” цагийг мартсан бус бидний амьдарч буй нийгэм асар хурдацтайгаар хөгжсөөр түүнд их цаг гаргаж амжихааргүй болгожээ. Өдөр бүр маш олон зүйлийг богино хугацаанд хийх шаардлага гарч, амьдралын алхам бүр хурдассаар байгаа учир хийж буй үйлдэлдээ анхаарал хандуулах боломжгүй болжээ. Энэ их ажлын хажуугаар өнгөрсөн алдаандаа харамсаж, ирээдүйдээ санаа зовдог. Ингэснээрээ одоо цагийг гээж орхидог. 

Одоо цаг тийм чухал гэж үү? Би ирээдүйрүү яваад завгүй байна.

Хүний тархи тоо тоомшгүй мэдрэлийн судлуудаар биетэйгээ холбогддог. Бие махбод сэтгэл санааны цочрол таагүй байдлыг мэдрэх үед мэдрэлийн систем тархируу анхааруулах дохио илгээнэ. Тархи мэдээллийг хүлээн аваад бие махбодид “түгшүүрийн дохио” зарладаг. Үүний үр дүнд стрессийн даавар ялгардаг байна. Сэтгэл санаа өнгөрсөн одоо хоёрын хооронд сэлгүүцэж элдвийн бодлоор толгойгоо дүүргэх төдийд л тархи түгшүүрийн дохио зарлаж бие махбодыг стрессийн байдалд бэлтгэдэг. Харин ухамсар, оюунаа одоо цаг руугаа шилжүүлснээр бие сэтгэл бүрэн тайвшралыг олж хэвийн бөгөөд эрч хүчтэй ажиллах боломжтой болно. 

Харамслаар өнгөрснийг өөрчилж болохгүй. Санаа зоволтоор ирээдүйг хянаж чадахгүй. Бүү харамс. Бүү шанал. Одоо цагт амьдар. 

Өнгөрсөн үеэс тээж ирсэн гуниг, харамсалгүйгээр ирээдүйн талаарх сэтгэл зовнил түгшүүргүйгээр амьдралд өрнөж буй яг энэ мөчид оршин байх чадвар бол одоо цагт амьдрах урлаг юм. 

Тэгвэл хэрхэн одоо цагт төвлөрөх вэ? 

Ямар ч нөхцөлд одоо цагт анхаарлаа төвлөрүүлж сурахад бясалгал тусална. Эсвэл тасралтгүй хөврөх бодол санаагаа зогсоож, өдөр тутмын үйл явцдаа анхаарлаа анхаарлаа ухамсартайгаар төвлөрүүлэх бяцхан дасгал хийснээр хүссэн цагтаа хүссэн зүйлдээ төвлөрөх чадвартай болно. Энгийнээс эхэлбэл хийж буй үйлдэл бүхэндээ чин сэтгэлээсээ ханд. Эргэн тойрондоо байгаа бүхнийг байгаа чигээр нь хүлээн ав. 

Бясалгал гэдэг нь нүдээ аниад суухын нэр биш юм. Ямар ч ажилд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх нь бясалгалын энгийн хэлбэр юм. Сайн муу, сайхан муухай гэх ямар ч үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн анхаарлаа төвлөрүүл. Энэ бол өдөр тутам хийж болох хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй бясалгал юм. 

Яг одоо юу ч хийгээгүй, ямар ч ажил хэрэг өрнөөгүй байсан ч амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлж болно шүү дээ. Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх үед бодол санаагаа ажиглах боломжтой болдог. Ямар ч бодол санаа түр зуурын зочин байдаг. Төрж буй бодол, мэдрэмж бүхэн хувьсан өөрчлөгдөж байдгийг анзаарч цаашлаад анхаарлаа төвлөрүүлэхэд суралцсанаар бодол санаагаа удирдаж сурна. 

Одоо цагт төвлөрөхөд тань тус болох дасгалуудыг хэрэгжүүлж үзээрэй.

  • Өдрийг зөв эхлэх өглөөний дасгал: Сэрсэн даруйдаа өнөөдөр хийх ажил, тохиолдох үйл явдлын талаар санаа зовохын оронд өөрийнхөө бие мах бодийг хөлийн үзүүрээс үсний үзүүр хүртэл мэдэрч, талархаарай. Магадгүй орой унтахдаа ч энэ дасгалыг хийж болох юм. 
  • Хамгийн чухал ажил хэмээх дасгал: Нэг дор нэг л үйл ажиллагаанд бүрэн төвлөрөхийг санал болгож байна. Ямар ажил хийж байгаа эсэх нь хамаагүй тухайн ажлыг энэ хорвоогийн хамгийн чухал ажил мэт хандаж, тухайн ажилдаа бүрэн ач холбогдол өгнө гэсэн үг. Хамгийн энгийн нь хогоо асгана гэдэг гэр бүлийнхээ амгалан тухтай байдлын төлөө хийж байгаа тун чухал ажил шүү дээ. 
  • Чихээрээ биш зүрхээрээ сонсох дасгал: Хэн нэгэнтэй ярилцах үед бие махбод түүний дэргэд байгаа боловч оюун санаа өөр газар байх тохиолдол байдаг. Ярилцаж буй хүнийхээ үгийг сонсоогүй байна гэдэг одоо цагт биш, өөр цаг хугацаа орон зайд оюун санаа хэсүүчлэн одсоныг илтгэнэ. Эсвэл тухайн хүний ярьж буй зүйлийг шүүмжилж, буруутгаж, үгүй бол дараа нь өөрийнхөө ярих ээлжийг хүлээн хариултаа бэлдэж байж магадгүй. Бусдыг чин сэтгэлээсээ сонсоход тэд танд талархаж, эргээд таныг ч сайн ойлгох болно. 
  • Хоолондоо анхаарлаа төвлөрүүлэх дасгал: Машинд явж байхдаа, алхаж байхдаа, телевиз үзэж байхдаа, ажлын ширээн дээрээ аль болох хооллохгүй байхыг хичээгээрэй. Хоолныхоо харагдах байдал, үнэр амт, зажлах залгих бүрээ мэдрэх гэж үзээрэй. Ингэснээр одоо цагт таныг байлгахаас гадна, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд ч сайн нөлөөтэй хэтрүүлэн идэхээс ч сэргийлэх юм. 
  • Зочин хэмээх дасгал: Өдөр бүр нэг л газраа амьдарч ажилласаар бид хүрээлэн буй орчиноо тэр бүр тоож харахаа ч больсон байдаг. Хэрвээ тийм бол ажлын газраа аль эсвэл гэртээ анх удаа ирж буй зочин хэмээн өөрийгөө төсөөлөөд нэг үзээрэй. Тэгвэл тухай мөчид төвлөрч ажлын ширээгээ ямар эмх цэгцтэйг, суудаг сандлаа ямар тухтай мэдрэх ч юм бил үү?

Эдгээр өдөр тутмын жижиг зүйлс асар их хурдтай энэ эрин зуунд түр ч болов амсхийж өөрийгөө сонсож амьдралд талархах боломжийг олгох болно. Мэдээж өнгөрснөө дүгнэж ирээдүйгээ төлөвлөх нь зөв ч “Одоо цаг”-ийн хүчийг бүү мартаарай. Хааяа түүнтэй уулзаж энгийнээс эгэлгүйг мэдрээрэй. ❤

Мөрөөдлийн Монгол Төсөл 

Өгүүллийг бичсэн: О.Тэмүүлэн

Өгүүллийн эх сурвалж: “Одоо цагт амьдрах урлаг” ном 

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s