04. Минималисм ба үнэ цэнтэй дэгжин амьдрахуйд суралцах нь

Яагаад бидний ажлыг хөнгөлөх ийм их технологи, ухаалаг эд зүйлс байсаар байхад бид улам л завгүй болоод байгаа вэ? Энэ нь магадгүй бидэнд хэтэрхий их санаа тавих хэрэгтэй эд зүйлс, хэрэгцээнээс хэтэрсэн эд хогшилтой байгаад байгаа байх. Харин минималист амьдрал зөвхөн өөрт хэрэгтэйг авч үлдэн, өөртөө илүү их цаг, энергийг сэлбэхэд нөлөөлөх хаалгыг нээж өгдөг. Хүний тархи олон сонголттой байх тусам түүнээс нэгийг сонгоход багагүй хэмжээний стрессийг бий болгож байдаг. Тиймээс хэрэв та анхнаасаа л бага зүйлтэй байхыг сонговол тэр хэмжээгээрээ өөрийгөө өнөөх стрессээс чөлөөлж амьдралын хором мөч бүрээс аз жаргалыг амталж болно.

Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нүүдлийн соёл иргэншил, монгол ахуй өв уламжлал маань угтаа материаллаг сонирхолгүй, хэрэгцээ цомхон, байгаль дэлхийдээ ээлтэй аж төрөх ёсон билээ.
Монгол гэрт нэг эд зүйлс маш олон үүргийг гүйцэтгэхээр бүтээгдсэн байдаг бөгөөд зөвхөн гэрт хэрэгцээтэй, нүүж суухад хөнгөн байгальд хор хөнөөл маш багатай, эко зүйлсээр дүүрэн байдагсан. Тийм дээ ч хөдөө амьдардаг хүмүүс их тайван, аливаад яардаггүй, сэтгэлийн амар амгалан ихтэй байдаг байх. Магадгүй бид хотод ч гэсэн яг энэ хэв маягаар маш бага зүйлстэй амьдарвал тодорхой хувиар сэтгэлийн амар амгаланг бий болгох юм болов уу?

Тиймээс уламжлалт соёл, амьдрах ухаан, аж төрөх ёсоноо умарталгүй орчин үедээ дадал хэвшил болгож, үр хойчдоо өвлүүлэх үүргээ ухамсарлан хувь хүн, айл өрх бүр дор бүрнээ эд зүйлсд дарлуулахгүй, байгаа зүйлдээ сэтгэл ханаж, талархах хайрлах сэтгэлээр үнэ цэнтэй амьдрахыг сонгоосой гэж хүсч байна. Ингээд минималист амьдралын хэв маягтай болоход тань туслах хамгийн энгийн 2 зөвлөмжийг хүргэе.

Хувцаслалт

1.Трэндийг дагах биш өөрийн стиллийг дагах. Та олон өөр өөр трэндийн хувцастай байхаас илүүтэйгээр өөрийн стиллийн цөөн хэдэн чанартай хувцастай байвал та юунаас ч илүү дэгжин өөрт сэтгэл хангалуун байх болно. Үүний тулд өөрийн амьдралын хэв маягтаа тохируулан ямар мэргэжлээр сурдаг, ямар ажил хийдгээсээ шалтгаалан ямар хувцаснуудыг өдөр тутамдаа хамгийн их өмсдөг болохоо тогтоож өөрийн стиллээ тодорхойлоорой.

2.Өөрт байгаа хувцаснуудаа зохицуулан донжийг нь олж өмсөх. Та шүүгээгээ онгойлгоод л юу өмсөхөө сонгож чадахгүй хэдэн арван минутыг үрдэг юм биш биз? Энэ нь юутай холбоотой вэ гэхээр та өөрийн стиллийг тодорхойлохгүйгээр сэтгэл хөдлөл, хямдрал, зар сурталчилгаанд хэт автан худалдан авалт хийснээс болж байгаа юм. Магадгүй та минималист болж өөрийн худалдан авах хувцас нэг бүртээ анхаарал хандуулж, юу ч хамаагүй гартаа тааралдсанаа авахаа зогсоовол, дахиж хэзээ ч 5-аас дээш минутыг юу өмсөхөө шийдэхэд зарцуулахгүй болно. Үүний тулд та Pinterest, Instagram, Tumblr – аас өөрийн стиллд тохирсон иж бүрдэлүүдийг хайгаарай. Мөн Snupps гэдэг аппликэйшнийг татаж өөрт байгаа бүх хувцасны зургийг авч хувцаснуудаа хооронд нь хэрхэн зохицуулан өмсөж болох самбар гаргаарай. Дэлгүүр хэсэхээсэа өмнө энэ аппликэйшнээ шалгаж өөрт аль хэдийн байгаа зүйлийг авахаас зайлсхийж, зөвхөн өөрийн стиллд байгаа хувцаснуудтай чинь яаж ч өмссөн зохицохоор зүйлийг худалдаж авч заншаарай.

3. Өнгөний зохицол. Бид эрс тэс дөрвөн улиралд амьдардаг тул улирлаас шалтгаалан хувцасны өнгө өөр өөр мэдрэмжийг хүнд бэлэглэж байдаг. Жишээ нь: хавар намрын улиралд гүн ногоон, хүрэн бор, намрын шаргал, цайвар цагаан өнгийн цамц нэг нэгийг, бараан хөх, хар, саарал өнгийн жинс нэг нэгийг өөртөө байлгахад хангалттай. Харин өвлийн улиралд хар, цагаан, хөх, өнгөлөг саарал өнгийн ноосон цамц хавар намрын жинстэй чинь ямар ч асуудалгүй зохицно. Харин зуны улиралд цагаан, завсрын өнгийн пудволк, шорт, цайвар өнгөлөг жинс хэд хэдэн ширхэг байхад л хангалттай.

4. Ийм цөөхөн хувцастай болчихвол хүмүүс юу гэх болоо? Итгэнэ үү байна уу өөрөө мэд та хямдхан авсан хэдэн арван цамцыг биш зөвхөн таныг илэрхийлдэг, гоё чамин загвартай, сайн чанарын материалтай тэр цөөхөн хувцаснууд тань таныг юунаас ч илүү хүчирхэг харагдуулна. Тоо биш чанар.

5. Гэртээ байхдаа ч сайхан хувцаслаж байгаарай. Яагаад гэрийн хувцас гэхээрээ л хуучирсан, нөхөөстэй эсвэл гадуур өмсөгдөх боломжгүй болсон хувцас байх гэж. Харин ч та өөрөө өөртэйгөө гэртээ байх тэр нандин хором мөчид ч гэсэн сэтгэл ханамж өгөх тийм л хувцасыг сонгох хэрэгтэй. Томдсон t-shirt, элэгдсэн өмд биш зөөлөн биед эвтээхэн халаадыг ч сонгож болох юм. Гол нь гэр гадаа хаана ч байсан та өөрөө сэтгэл ханамжийг мэдэрч байх нь чухал.

Хооллолт

1.Хооллолтын хувьд ч залхуу, замбараагүй хооллолтыг бүү сонгоорой. Энэ нь зүгээр л ходоодны хонхолзох чимээг дарах гэсэн утга учиргүй гэдэс дүүргэлт бус орц бүрийг нь хайрлаж хийсэн тийм л хоолыг бэлтгэж бага идэхийг хэлж байгаа хэрэг.

2.Шилжилт хөдөлгөөн хийж байхдаа бүү юм идээрэй. Хэзээ ч ажил руугаа хурдан хурдан алхахын зэрэгцээ гартаа бургер барьчихсан том том хазлах хэн ч сайхан харагдахгүй шүү дээ. Тэгэхээр ийм байдалд орохгүйн тулд тухтай хооллох цагийг өөртөө гаргаж байх хэрэгтэй энэ нь цаашлаад минималист амьдралын зорилго болох эмх цэгцтэй амьдрал руу хөтөлнө. Мөн гадуур зарагдах түргэн хоолнууд эрүүл мэндэд тань тийм ч сайн бишээс гадна хоолтой дагалдаж ирэх тэр их нэг удаагийн аяга халбага алчуурууд нь байгальд ямар их хортой гэдгийг санах хэрэгтэй.

3.Зүрх сэтгэлээсээ өөрт төрөх мэдрэмжээ алдалгүй чагнаж амтал. Нэг мэдэхэд л идээд дуусчихсан хэрнээ цадаагүй мэт мэдрэмж төрөх үе танд байдаг уу? Энэ нь ихэнхдээ хооллох цагтаа давхар өөр зүйлс хийсэнтэй холбоотой, гар утсаа ухангаа идэх эсвэл телевизер үзэнгээ идэх г.м. Харин хооллох цаг гэдгийг арай илүү утга учиртай цаг болгон хоолны цагт зөвхөн хоолоо зүрх сэтгэлээрээ амталж мэдрэх цаг болгож аз жаргалыг мэдэрье.

Хамгийн чухал нь өдөр бүр ганцаараа байхдаа ч аливаад өөрийн гэсэн зарчимтай хандаж байх. Хүмүүст зориулж хувцаслах бус өөртөө л сайхан хувцасыг сонгох, инстаграмд зориулж хооллох бус өөрөө л түүнийг мэдэрч хооллох зэрэг өдөр тутмын энгийн жижиг зуршлууд тань танд сэтгэл ханамжийг өгснөөр амьдрал илүү утга учиртай үнэ цэнтэй болно. Өдөр бүр байгаа зүйлдээ талархаж үнэн амьдарцгаая.

Мөн манай төслийн зүгээс зарласан 30 өдрийн минималист challenge-д нэгдэн бэлэгний эзэн болоорой.
https://www.facebook.com/DreaMongolia/photos/a.1991501787835035/2247126282272583/?type=3&theater

Мөрөөдлийн Монгол Төсөл

Өгүүллийг бичсэн: О.Тэмүүлэн

2 Comments Add yours

  1. oogii хэлдэг:

    Баярлалаа олон блог уншлаа бүгд маш хэрэгтэй байлаа 🙂

    Таалагдсан

    1. otemuulne хэлдэг:

      баярлалаа танд

      Таалагдсан

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s