02. Тэг-ээс Нэг-рүү тэмүүлэх нь буюу өөрийн ирээдүйг цогцлоох нь

Аливааг дуурайх нь шинэ зүйлд тэмүүлэхээс хялбар. Гэхдээ цоо шинэ зүйлд тэмүүлэх нь тохиож буй цаг хугацааны хувьд давтагдашгүй, цор ганц бөгөөд үр дүн нь цоо шинэ ер бусын байдаг.

Мэддэг зүйлээ үргэлжлүүлэн хийх нь 1-ээс n гэсэн тоон утгыг илэрхийлнэ гэвэл цоо шинийг сэдэх нь 0-ээс 1 гэсэн утгыг илэрхийлэх юм хэмээн <<Zero to One>> стартап бизнес, энтрэпрэнорын тухай номд өгүүлжээ. Энэхүү ном нь хэдий стартап гарааны бизнесийн тухай өгүүлэн буй ч хувь хүн өөрийн ирээдүйг цогцлоохдоо сэдэл болгож болохуйц санаа олон байсан тул тэдгээрийг та бүхэндээ хувь хүний чадвартаа хэрэгжүүлэхээр хувирган хүргэж байна.

1.Ирээдүйн тухай өөдрөг тодорхой төсөөллийг бий болго.

Ирээдүйг бид нарийн таамаглаж мэдэх аргагүй боловч хоёр зүйл тодорхой. Үүнд: Юмс ирээдүйд өөрчлөгдөнө. Ирээдүй өнөөдрөөс улбаална. Ирээдүй нэг бол сайнаар, эсвэл муугаар эргэнэ. Өөдрөг үзэлтэй хүн ирээдүйг сайхнаар хардаг бол, гутрангуй үзэлтэн ирээдүй цаг удахгүй ирнэ гэхээс эмээж эргэлздэг. Тэгэхээр эдгээр онцлогт суурилж , 4 төрлийн хандлага гарч ирдэг.

  • Тодорхой бус гутрангуй ирээдүй- Дайраад өнгөрөх уналт нь түргэн эсвэл алгуур байх үгүйг урьдаас мэдэж чадахгүй учраас идэх уух, наргихыг хослуулан өнөөдрөөрөө амьдарсаар алив зүйл тохиолдохыг хүлээн идэвхгүй амьдардаг.
  • Тодорхой гутрангуй ирээдүй-Ирээдүйн талаарх төсөөлөл нь тодорхой байдаг ч удахгүй нөхцөл байдал хэцүү тийшээ эргэх учраас бэлэн байх хэрэгтэй гэж үздэг.
  • Өөдрөг тодорхой ирээдүй-Төлөвлөгөө гаргаж хичээл зүтгэлтэй ажиллаж чадвал ирээдүй илүү сайхан болно гэдэгт итгэлтэй байдаг.
  • Өөдрөг тодорхой бус ирээдүй-Ирээдүйг сайхнаар төсөөлөх боловч яг юугаараа хэрхэн сайхан байх нь тодорхойгүй тул нарийвчилсан төлөвлөгөө гэх зүйлийг боловсруулж хэрэгжүүлдэггүй.

Та эдгээрээс аль ирээдүйг өөртөө төсөөлдөг вэ? Аль нь ч бай гэсэн өнөөдрийн таны хийж буй бүх зүйлс ирээдүйг тань цогцлоох болно гэдгийг ахин нэг санаж өөдрөг хийгээд тодорхой ирээдүйг бүтээгээрэй.

2. Бусадтай битгий өрсөлд.

Бидний ихэнхд өрсөлдөөн хүнийг хөгжүүлдэг гэх тогтсон хандлага байдаг. Үнэн юм шиг авч сайн бодоод үзвэл эсэргээрээ бидний хөгжил дэвшлийг үгүй хийдэг зүйл. Өрсөлдөөний орчинд бид өнөө маргаашийн ялалтын төлөө санаа зовохоос бус урт хугацааны дараах ирээдүйгээ томоор харж чаддаггүй. Шуудхан хэлбэл энэ нь нэг нэгнээсээ ялгарах гэсэн утгагүй оролдлого, амь гарахын төлөөх тэмцэл гэж хэлж болохоор. Ийм зүйлтэй зууралдаж өрсөлдөөний орчноор хязгаарлуулж түгжигдсэн хүн урт хугацааны төлөвлөгөө боловсруулж хүссэн ирээдүйгээ цогцлоож чадна гэж үү?

Бусадтай адилхан ур чадварыг эзэмшиж, тэдний түвшинд зэрэгцэн очихын тулд эцэж цуцахаа умартан зүтгэхийн оронд, барьцтай зүйлд тэмүүлж ур чадвараар бусадтай үл харьцуулагдах онцгой байдлыг бий болгох нь хамаагүй оновчтой шийдэл тул бусадтай бус өнгөрсөн дэх өөртэйгөө өрсөлдөн чадвараа ахиулах хэрэгтэй.

3. Үнэ цэнтэй зүйлрүү тэмүүл.

Хэдий чинээ олон тийш савчих тусам, хувь заяаны тодорхой бус эргүүлэгт төдий чинээ гүн шигдэх магадлал ихэсдэг нь бодит үнэн. Тиймээс олон зүйлд бус чаддаг зүйлдээ илүү төвлөрч түүнийгээ зүлгэж өнгө оруулах нь зүйтэй, мөн төвлөрөөд байгаа зүйл тань ирээдүйд үнэ цэнээ алдалгүй хадгалж чадах уу гэдгийг урьдаас маш сайн тунгааж бодох хэрэгтэй.

Үнэ цэнийг бүтээх нь нэг хэрэг, харин бүтээсэн үнэ цэнээ өөртөө хадгалж үлдэх нь хамгийн чухал. Мэдээж нэг удаагийн амжилт тэр үедээ дурсагдаад өнгөрөх ч урт хугацаанд таныг авч явах уу гэдгийг бодох хэрэгтэй болов уу.

Үнэ цэнтэй байна гэдэг өсөж хөгжиж цагийн шалгуурт тэсэж үлдэх  тухай байхад олон хүн богино хугацааны өсөлтөд бүх анхаарлаа төвлөрүүлсээр байна. Урт хугацаанд хараатай байгаа хүн богино хугацаанд үр дүнд хүрэхгүй байж болох ч хожуу хөдлөхийн хожил гэгчээр ирээдүй тань гайхалтай цогцлох болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

4. Тодорхой төлөвлө.
Зол завшаан гэх шударга бус зүйлийг сэтгэлээсээ гаргах хэрэгтэй. Учир нь та сугалаа биш. Бүх зүйлээ эмх цэгцтэй төлөвлөж чаддаг хүнийг ялалт хүлээж байдаг. Бусад хүн үүнийг аз гэж нэрлэдэг. Зүгээр нэг тохиолдоор үр дүнд хүрнэ гэж үгүй. Микро түвшинд өөрийн тогтсон төлөвлөгөө байхгүй бол, ямар ч хүн макро түвшний талаарх бодол санааг өөртөө төлөвшүүлж чадахгүй. Тэгэхээр том төлөвлөгөө-том зүйл ярихаас урьтаж жижиг биелүүлж болохуйц олон төлөвлөлт гаргаж том зүйлд хүрэх хэрэгтэй.

Мөн төлөвлөгөөний гүйцэтгэлээ дүгнэхдээ хэмжүүр үзүүлэлтийн боол болохоос сэргийлээрэй. Дүнгийн тоо, уншсан номын тоо, зэрэг хэмжээнд бүх сонор сэрэмжээ чиглүүлэх нь жинхэнэ хүрэх гэж буй зүйлийн утга учрыг алдагдуулах эрсдэлтэй байдаг шүү.

Өөрийн ирээдүйг өөрөө цогцлоож буй хүн ихэнхдээ хатуу шийдвэр гаргадаг, үнэнч итгэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чаддагаас гадна, хэдэн арван жилээр аливааг урьдчилан харах чадварыг эзэмшсэн байдаг. Тиймээс энэхүү бичвэрийг уншаад зүгээр нэг өнгөрөлгүй, урт хугацааны тэмүүлэл алсын харааг өөртөө бүтээж бусадтай бус өөртэйгөө өрсөлдөн өөрийн ирээдүйгээ цогцлоох урам зоригийг танд хүсч байна.

Мөрөөдлийн Монгол Төсөл

Өгүүллийг бичсэн О.Тэмүүлэн



Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s