Нью-Йоркт Ирээд Надад Тохиолдсон Зүйлс

1. Би Нью-Йорк яагаад нүүсэн бэ?

Тийм ээ, би заримдаа үнэхээр галзуу ч гэмээр гэнэтийн шийдвэрүүд гаргадаг. Энэ миний адал явдалд дуртай зангаас минь болдог байх. Ингэх ёстой тэгэх ёстой гэсэн өөрт тавьдаг хариуцлагаасаа салаад зүгээр л нэг амьсгаа авмаар санагддаг үе олон бий. Жишээ нь 2сарын өмнө нэг найзтайгаа мессэж бичиж байгаад гэнэт Лас Вегас, Аризона, Чикаго явахаар шийдээд онгоцны тийзээ орой нь захиалаад л яваад өгсөн. Нью-Йорк нүүх шийдвэр ч бас яг ингэж л гарсан. 2016 оны 3сард болсон “Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг” уулзалтанд очоод гэнэт л нүүх хэрэгтэй юм байна гэж шийдээд тэр зун нь нүүчихсэн. Тэгээд хамгийн хачирхалтай нь би нью-йорк нүүхээсээ өмнө нэг ч удаа очиж үзээгүй бөгөөд таньдаг нэг ч хүн байгаагүй юм. Зүгээр л нүүчихсэн.

2. Нью-Йорк, Сиатл хот хоёрын ялгаа.

Нью-Йорк хотод ирсэнээс хойш миний амьдрал эрс өөрчлөгдсөн. Анх нью-йоркт буусан өдөр ямар санагдаж байсан гээч! Найз залуутайгаа хоёулаа дөрвөн том чемоданаа чирээд яг л хөдөөнөөс ирж байгаа оюутнууд шиг тэр их бум бужигнасан хүмүүс, гялалзаж гялтанагсан зар сурталчилгааны том самбаруудыг хараад өөрийн эрхгүй дуу алдаж байсан билээ. Миний хоёрдох гэр болох сиатл хотод би анх 16насандаа ирж, энэ хотын соёлоор хүмүүжсэн байснаа хожим нью-йоркт ирж л ухаарсан юм. Нэг улсын хоёр хот гэхэд бүр газар тэнгэр шиг ялгаатай. Надад яг үнэнийг хэлэхэд англиар л ярьдаг болохоос яг өөр улс руу нүүсэн мэт санагддаг байв. Жишээ нь: нью-йоркын гудамжнууд маш нарийхан учраас хүмүүс гарцаар гарахдаа хэзээ ч цагаан гэрэл асахыг хүлээдэггүй. Энэ тухай комедиан Тревор Ноа Тэр гэрэл бол зүгээр л санал болгож буй зүйл болохоос мөрдөх ёстой дүрэм биш” гэж хошигносон байдаг. Харин сиатлд би туслах зам байсан ч цагаан гэрлээрээ гардаг байв. Яагаад гэвэл бүх хүмүүс тэгдэг байсан.

3. Нью-Йоркт ирсэн эхний өдөр:

Бидний анх ирсэн тэр өдөр нэг ийм инээдтэй ч гэмээр явдал болсон юм. 34-р гудамжны нэг урсгалтай маш өргөн замаар нэг маш том өгзөгтэй хар эмэгтэй цагаан гэрэл асаад дууссан байхад гав ганцаараа загварын тайзан дээр алхаж буй модел шиг бөгсөө хаялан алхсаар зам гарав. Тэрийг харсан бид хоёр тэсэлгүй инээчихэв. Тэгсэн араас нь нэг скэйтэр банди хурдан хурдан алхалсаар яг бид хоёрыг чиглэн ирээд “нью-йоркт тавтай морил” гэж хэлчихээд яваад өгсөн. Бид хоёр бүр их инээсээр цааш зам гарав. Айлдаа бүх цүнх саваа тавичихаад ойр зуурын гэр орны юм авахаар бид хоёр гарлаа. Гэтэл буцах замдаа аль талаас нь трайндаа суухаа мэдэхгүй нэг эмэгтэйгээс асуутал тэр эмэгтэй надруу харан “ЯАГААД БҮГД НАДААС ЗАМ АСУУГААД БАЙГАА ЮМ БЭ?” гээд маш чангаар хэлсэн. Би бараг айсандаа трайны зам руу унаад үхчихмээр санагдсан. Сиатлд хүнээс зам асуухад хэн ч, хэзээ ч надтай ингэж харьцаж байгаагүйн дээр хүмүүс нь автобусанд хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүн, жирэмсэн ээж нарт уралдан босч сандал тавьж өгдөг байв. Харин нью-йоркт хүмүүсд сандал тавьж өгөх нь байтугай трайнаас буух зорчигчдийг ч түрүүлж буухыг хүлээхгүй уралдан орох гэдэг. Нью-Йоркийн хүмүүсийг ямар сайндаа бетонан ширэнгэн ойд амьдардаг сармагчин шиг гэж хүмүүс ярьдагыг би яг энд амьдарч үзээд л ойлгосон юм.

4. Нью-Йорк хотод ирвэл заавал трайнд сууж үзээрэй.

Хэрэв та нью-йоркт аялаж ирвэл заавал нэг трайнаар явж үзээрэй. Трайнд өдөрт заавал нэг мөнгө гуйсан гэр оронгүй хүн, чихэр, зурсан зургаа зардаг өхөөрдөм жаахан хүүхдүүд(ихэвчлэн хоёулаа явдаг) бас дуу, бүжиг, хийл, бөмбөртэй хүртэл орж ирээд тоглохыг харж болно. Явж байгаа трайн дотор шүү дээ. Нэг удаа би 5цагаан залуус маш том бөмбөртэй орж ирээд хөгжим тоглохыг үзсэн. Их сонирхолтой байгаа биз! Ийм зүйлсийг америкийн өөр хотуудад харах нь юу л бол. Гэхдээ өдөр бүр ийм байх анхандаа их төвөгтэй байсан. Өдөржингөө ажлаад ядарсан үед нөгөө нөхдүүд ороод ирэхээр “Oh noo” л гэж хүлээж авдаг байлаа. Би бүр тэсэхээ байгаад Марк Мэнсоны Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг (The Subtle Art of Not Giving F*ck) номыг хүртэл уншиж байж энэ их гадаад орчны стрессд яаж өөрийгөө оруулахгүй байхыг сурах хэрэгтэй болсон юм. Тэгсэн хэдий ч эхний бараг нэг жил трайнд суух гэдэг надад зовлон хэвээр л байсан юм. Хүнгэнэсэн их дуутай (хамгийн хуучин South Ferry-гийн трайн бүр 111дэсибэл хүрдэг) 1904 оноос хойш ашиглагдаж байгаа зам дээр хичнээн шинэ трайн оруулж ирсэн ч, чахарч дугардагыг нь даанч болиулж болохгүй хойно дасах, эвлэрэх гэдэг л сонголт үлдэж байсан юм. Одоо бол би үнэхээр дасчихсан тэр байтугай би өдрийн 2цагийн коммиутанд ном унших, тэмдэглэл хөтлөх, бүр блог постоо хүртэл одоо бичээд явж байна. Стресстэхээ болиод барахгүй бараг манай нөхдүүд хайччихав гээд орж ирэхгүй болхоор нь хүлээгээд байдаг болсон байна лээ. Дашрамд хэлэхэд хэрэв та гадаадад байдаг бол ub90s.com -оос монгол ном худалдан авч унших боломжтой шүү. Дэлхийн аль ч улс руу хүргэлттэй. Би хоёр удаа захиалга хийхэд 2-3 хоноод л хүрээд ирсэн. Монгол ном уншсанаас хойш блог пост хүртэл бичмээр санагдах болсон. Баярлалаа ub90s.com

5. Би хэрхэн анх ажил олсон бэ?

Харин одоо би анх ирээд ажил яаж олсон тухайгаа яръя. Би ирээд ажил олж чадахгүй бүтэн 20 хоног явсан. Хадгалсан мөнгө маань өдөр ирэх тусам багасаж, бүгчим халуун, бас өмхий үнэртэй(нью-йоркт хогоо гудамжиндаа гаргаад тавьдаг, хогийн сав байдаггүй ба тэр нь зундаа их муухай үнэртдэг), хаашаа нь л харна бүх юм үнэтэй энэ хотоос буцаад сиатл руугаа явмаар хүртэл санагдаж байв. Гэхдээ би буцаад явчихвал яг л Loser (америкчуудын маш их хэрэглэдэг үг) болчих гээд байгаа юм шиг санагдаад. Яагаад гэвэл надад “нью-йорк их хицүү газар битгий яв” гэж цөөнгүй хэдэн хүн хэлж байсан юм. Би зөрүүдлэсээр байгаад явчихаад ийм хурдан буугаад ѳгч болохгүй байлаа. Эхэндээ мэргэжлээрээ ажил хайж баахан э-майл бичээд хариу байдаггүй. Тэгээд сүүлдээ за эхний ээлжинд ямар ч байсан хамаагүй нэг ажил олоё гэж бодоод манхаттанд байдаг маш олон үйлчилгээний газраар явж намайг ажилд аваач гэж гуйсан. Нэг л болж ѳгдѳггүй гэртээ ирээд цай уугаад сууж байтал найз залуу маань зар хараад сууж байгаад сормуусны салонд хүн сургаж авна гэсэн зар байна гээд үзүүлэв. Би залгаад ярилцлаганд орохоор очсон чинь намайг трайнингээ дараа долоо хоногоос эхлэж болно гэсэн. Би бараг анх Америк руу сургуульд явах урилгаа авч байсан шигээ их баярласан. Тэгээд бүтэн сар огт цалингүй дадлагаа хийж дуусаад ашгүй ажилдаа орсон.

6. Одоо бид үхрийн мах идэж чадахаар болсон.

Одоо бидний амьдрал маш гоё цэгцэрч байгаа(17сар болсон байна нүүж ирээд). Өнгөрсөн 6сард өөрийнхөө хүсэн хүлээсэн байрыг түрээслэж дотор нь авсан тавилга бүрийг харахаар хүртэл хайр хүрээд байдаг. Учир нь бид анх нью-йоркт ирээд бараг монголын нэг нойлын өрөө шиг жижигхэн өрөөнд амьдарч байсан юм. Ерөөсөө нэг ор тэгээд чемоданаа босоогоор нь тавиад алхах тохой зай л үлддэг тийм жижиг өрөөнд амьдарч байсан юм. Тэгсэн хэрнээ 900доллар төлдөг байв. Хэрэв би сиатлд байсан бол энэ мөнгөөр бүр үнэхээр гоё хаусанд тохилог тухтай том өрөө түрээслэх мөнгө гэж бодохоор хурдхан өөрийн гэртэй болмоор санагддаг байв. Тэгээд бид хоёр аяга, таваг бүгдэнгээс нь хоёр хоёрыг л авч өөрсдөө байртай болохын тулд мөнгөө маш сайн хадгалж байсан. Тийм ч болохоор одоо өөрсдийнхөө хөдөлмөрөөр авсан бүх юмаа харахаар нэг л гоё байдаг. Бас нью-йоркт байсан эхний хэдэн сар бид хоёр зөвхөн тахиа, гахайны л мах идэж байв. Харин одоо үхрийн мах худалдаж авч идэж чадахаар болсон. Инээд чинь хүрж байж магадгүй л юм. Гэхдээ гадаадад амьдардаг хүмүүс анх ирээд бүгд л энэ замыг туулдаг. Дашрамд хэлэхэд бид хоёрт ямар ч хэцүү үе байсан бид хоёр хэзээ ч гэрээсээ нэг доллар ч аваагүй юм даг.

7. Нью-Йоркт амьдрах шалтгаан:

Нью-Йоркт зочлон ирдэг найзууд маань нэг бол энэ хот үнэхээр таалагдахгүй байгаагаа эсвэл бүр үлдээд энд амьдарчихмаар байна гэсэн хоёр хариулт хэлдэг. Хэтэрхий эсрэг тэсрэг ийм хариулт сонсох нь ч аргагүй биз. Энэ хот үнэхээр өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай. Маш завгүй, хэзээ ч унтдаггүй, маш их ажилдаг, амжилттай яваа мянга, мянган залуусын өлгий болсон энэ хотод амьдраад үзэх хэд хэдэн чухал шалтгаан бий. Хэрэв та олон улсын хэл, соёл, урлаг, хувцас, хоол гэх мэтчилэн зүйлсийг сонирхож, таашаадаг нэгэн бол нью-йорк үнэхээр таны хот мөн байна. Зөвхөн манхаттанд гэхэд л 32 музей байдаг. Харин ойролцоох хотуудад байгаа музей нийлээд 83 хүрдэг байна. Мөн та нью-йорк хотын бүх рестаранд хоол идэе гэвэл таньд 32жил шаардлагатай гээд боддоо! Мөн Нью-Йорк Нийтийн Номын сан нь(New York Public Library) нийтдээ 92 салбартай бөгөөд 53сая ном, сэтгүүл, аркайваас бүрддэг бөгөөд энэ нь дэлхийн 3дахь том номын санд тооцогддог билээ. Бас нью-йорк хот нь АНУ-ын хамгийн том метрополитон хот бөгөөд Fortune 500н корпорацын 65 төв оффис нь энд байрладаг. Жишээлбэл: JPMorgan Chase, New York Times, MetLife, Verizon, Citigroup, Barnes and Noble, JetBlue Airways, Tiffany & Co гэх мэт жилийн орлог нь хэдэн арван тэрбум доллараар үнэлэгддэг корпорациуд байгаа тул залуу мэргэжилтэнгүүдийн хамгийн их өсөж хөгжиж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх боломжтой хот гэдгийг дурдах нь зүйтэй байх.

8. Бодит байдал:

Харин одоо таньд яг энд амьдарснаар сэтгэлзүй болон хувийн амьдралд тань яг юу тохиолддог болохыг хүүрнэх гээд нэг үзье. Breakfast at Tiffany’s, Sex and the City, Home Alone 2, Avengers гэх мэт алдартай кинонууд дээр таны үзсэн нью-йорк хот яг амьдраад үзэхэд дэндүү өөр байдаг.

  • Та хэн нэгнийг таньтай сайхан харьцана гэж найдахаа болидог. Өчигдөрхөн таньтай инээгээд харьцаж байсан үүдний дэлгүүрийн залуу маргааш гэхэд л таны тухай огт мартсан байх болно. Трайнд, гудамжинд ч тэр хөл дээр чинь гишгэсэн эсвэл мөрлөсөн хүнийг уучлаарай гэж хэлэхийг хүлээхээ болино. Тэд зүгээр л дэндүү завгүй байгааг та ойлгоно.
  • Таниас хамааралгүй гарсан алдаанд уучлалт гуйж сурах хэрэгтэй болно. Жишээ нь: та ажил руугаа явах замд гэнэт нэг хүний бие нь муудаж, эсвэл хулгай гарч цагдаа нар трайныг чинь хагас цаг түнэлд зогсоох хэрэг гарна. Хаа нэгтэйгээс нэг эмэгтэй хашигчиж, би явах хэрэгтэй байна гэж цөхрөн уйлж эхлэнэ. Учрыг тайлбарлах гэж менежерлүүгээ залгавч байдлыг юу ч өөрчилж чадахгүй.
  • Та маш их ганцаардах болно. Хэн ч таныг хайхардаггүй мэт, энэ том хотын сүүдэрт арай гэж тэвдчин алхалж, хөлд орж буй хүүхэд шиг бүдрэн боссоор байх болно. Яагаад ч юм хүн бүр нэгнээсээ айгаад байгаа мэт, найзтай болох ямар хэцүү юм бэ гэж өөрийн эрхгүй бодно. Гэтэл нэг л мэдэхэд та яг тань шиг хэн нэгэн байгааг олно, найзлана.
  • Ер нь бол түрээсийн байрны гэрээнд гарын үсэг зурсан цагаас эхлэн та жинхэнэ Нью-Йоркор болно гэж хүмүүс ярьдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр сарын эцэст таныг хүлээх үнэтэй байрны түрээс, ажил, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал гэх мэт бүх зүйлс чинь таныг бага багаар агнаж эхлэнэ. Тэр үеэс та хүссэн хүсээгүй том болох хэрэг гарч, нөгөө яриад байдаг тав тухтай бүснээсээ үсрэн гардаг.
  • Цагаа төлөвлөж сурна. Хэрэв та юм аа цагт нь амжуулж сурахгүй бол та бусдын хөлд үрэгдэнэ. Өрсөлдөөн хэтэрхий их, өнөөдөр гаргасан хариуцлагагүй алдааг чинь хэн нэгэн хүлээгээд сууж байдаг. Таныг орлуулах, ажилд авах маш амархан. Тиймээс алдаа гаргахгүйн тулд ажлаа төлөвлөж сурна. Мөн зөв хооллож, сайн амарж ажил, амьдралаа тэнцвэртэй байлгахгүй бол удаан стресстээд яваад байвал бие чинь тэсэхгүй болохыг ойлгоно.
  • Гэртээ байх нь гадуур байхаас илүү амар амгалан сайхан байна. Өдөржингөө өөрт ирсэн ачааллаас зүгээр л нэг амьсгаа авч, дуртай хөгжмөө тавиад хоол хийх нь ямар гайхалтай амралт болохыг ухаарна. Цаг хугацаа өнгөрөх тусам та өөрийнхөө юунд дуртай, юунд дургүй болохоо илүү танин мэдэж, өөрийнхөө сул дорой байдалдаа эхлээд сэтгэлээр унаж байсан бол, дараа нь өөртэйгөө тэмцэж, өдөр ирэх тусам жижиг зүйлд shit өгөх чинь багасна.
  • Нью-Йорк таныг жинхэнэ утгаар чинь том хүн болоход туслана. Хэрэв та бэлэн бол энд ирж хэдэн жил амьдраад үзээрэй. Хэрэв боломжгүй бол өөрийн байгаа газраа заавал өөрийгөө тав тухтай бүснээсээ сугалан авч, цагаа зөв төлөвлөж, эрүүл мэнддээ анхаарч зөв хооллож, дасгал сургуулилт хийж, зорилго өөдөө зогсолтгүй хөдөлмөрлөөрэй. Таны хөнжил унтаад үлдэхэд хэтэрхий дулаахан, зөөлөн байж болох ч оройтон боссоны дараа таны бие чилж, ажлын бүтээмж чинь буурч энэ өдөр чинь, энэ жил чинь тэр чигтээ л нэг хоёрын хооронд өнгөрөх вий. Тиймээс өглөө бүр эртлэн босоод жинхэнэ Нью-Йоркор шиг энэ ондоо амьдраад үзээрэй.
Мөрөөдлийн Монгонл

One Comment Add yours

  1. DreaMongolia хэлдэг:

    Hey lovely. Have fun in ny

    Таалагдсан

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s